
2026.01.29
Монголын Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо салбарын үйлдвэрлэгчдийг төлөөлж Үйлдвэрлэл технологийн паркийн үйл ажиллагаа, дэд бүтцийн бүтээн байгуулалттай танилцаж, кластераар хөгжүүлэх асуудлаар харилцан туршлага солилцлоо.
Энэхүү ажлын уулзалт нь барилгын материалын үйлдвэрлэлийг кластераар хөгжүүлэх, дэд бүтцийн шийдлүүдийг оновчтой болгох, мөн үйлдвэрлэгчдэд тулгарч буй асуудлыг технологийн паркийн боломжуудыг ашиглан шийдвэрлэхэд чиглэгдсэн юм.
Хэлэлцсэн гол асуудлууд
Дэд бүтэц ба логистик: Үйлдвэрүүдийг эрчим хүч, дулаан, цэвэрлэх байгууламж, авто замын нэгдсэн сүлжээнд холбох шийдлүүд
Кластерын хөгжил: Ижил төрлийн үйлдвэрүүд нэг дор төвлөрснөөр түүхий эдийн татан авалт, үйл ажиллагааны зардлыг бууруулах боломж
Инноваци ба технологи: Барилгын материалын салбарт нэвтэрч буй шинэ технологийг паркийн орчинд турших, нутагшуулах нөхцөл
Уулзалтын үеэр “Барилгын материалын дотоодын үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж буй энэ үед үйлдвэрлэл технологийн паркууд нь зардлыг бууруулж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх гол хөшүүрэг болж байна” хэмээн онцоллоо.
УУЛЗАЛТЫН ҮР ДҮН
Уулзалтын төгсгөлд талууд цаашид хамтран ажиллах “Санамж бичиг”-ийн хүрээнд дараах чиглэлүүдээр ажлыг эрчимжүүлэхээр тохиролцов. Үүнд:
Паркийн нутаг дэвсгэрт шинээр үйлдвэр байгуулах сонирхолтой аж ахуйн нэгжүүдийг дэмжих
Түүхий эдийн чанар, стандартыг олон улсын түвшинд хүргэх лаборатори байгуулах боломжийг судлах
Төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлж, хөрөнгө оруулалтыг татах
Энэхүү үйл ажиллагаа нь Монгол Улсын барилгын материалын хэрэгцээг дотоодоос бүрэн хангах, импортыг орлох, экспортын чиг баримжаатай үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой алхам боллоо.