Бидний тухай
Монголын Барилгын Материал Үйлдвэрлэгчдийн Холбоо нь 2003 онд байгуулагдсан, барилгын материалын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг мэргэжлийн төрийн бус байгууллага болно. 2003 он бол Монгол улс зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд аажмаар шилжиж байсан бөгөөд Барилгын салбарын уналт зогсч, сэргэлт дөнгөж эхэлж байсан үе юм. Тухайн үед Улаанбаатар, Дархан, Чойбалсан хотууд, Өвөрхангай, Говь-Алтай аймгуудад ажиллаж байсан бие даасан томоохон 26 үйлдвэрээс гадна бусад аймгуудад ажиллаж байсан барилга үйлдвэрлэлийн баазууд, тоосгоны жижиг үйлдвэрүүд, галт уулын шаарган гулдмайн үйлдвэрүүд үндсэндээ хувьчлагдаж дууссан байв.
Тус холбоо нь Монгол Улсад барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд мэргэжлийн зөвлөгөө өгөх, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, барилгын материалын салбарын төрийн бус байгууллагуудыг нэгтгэн бодлого чиглэлээр хангах, барилгын материал үйлдвэрлэлийн салбарын инженер техникийн ажилтанг мэргэжүүлэх, мэргэжилтэй ажилтан бэлтгэх зэрэг зорилтын хүрээнд ажиллаж байна.
Өнгөрсөн 20 гаран жилийн хугацаанд Барилгын Материал Үйлдвэрлэгчдийн Холбоо нь барилгын салбарт барилгын материал үйлдвэрлэл тэргүүн эгнээнд хөгжүүлэх, импортыг бууруулж, экспортыг нэмэгдүүлэх үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, төрийн хувийн хэвшлийн үйл ажиллагааг уялдуулах олон ажлыг хийж ирлээ.
Барилгын материалын үйлдвэрийн салбарыг 2007-2015 он хүртэл хөгжүүлэх "Мастер төлөвлөгөөг" боловсруулах санаачлагыг тус холбоо гаргасныг Барилга хот байгуулалтын яам дэмжиж, Германы техникийн хамтын ажиллагааны нийгэмлэг санхүүжүүлэн Засгийн газрын 2007 оны 222 дугаар тогтоолоор батлуулсан нь тус холбооны салбартаа хийсэн томоохон ажлуудын нэг болсон.
Монгол банкны Ерөнхийлөгч, Барилга, хот байгуулалтын сайдын хамтарсан тушаалаар 2013 онд "Барилгын салбарыг дэмжих, улмаар орон сууцны үнийг тогтворжуулах" дэд хөтөлбөрийн хүрээнд Эргэлтийн хөрөнгийн 112.8 тэрбум төгрөгийн зээлийг 57 ААН-д, Хөгжлийн банкнаас 56.72 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлийг 15 ААН-д, Чингис бондын 888 төслөөс 64 ААН-д 285.2 тэрбум, ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас 34 ААН-д 23.8 тэрбум төгрөгийн зээлийг тус тус олгосон гэсэн судалгаа байна.
Барилга, Хот, Байгуулалтын яамтай барилгын салбарт хийх шинэчлэл, түүний дотор барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлогын асуудалд хамтран ажилласны үр дүнд "Барилгын материалын үйлдвэрийг дэмжих" хөтөлбөрийг хамтран боловсруулж Засгийн газрын 2012 оны 171 дүгээр тогтоолоор батлуулан амьдралд амжилттай хэрэгжүүлсэн байна. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд 250 орчим жижиг дунд үйлдвэр болон Цементийн хамгийн орчин үеийн технологи бүхий хуурай аргын 4 том үйлдвэр шинээр ашиглалтанд орсон. Мөн БМҮ-ийн үнэ тогтворжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэн Цемент арматурын үнийг 2 жил дараалан тогтвортой барьж чадсан.
Зорилго, зорилт
Барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд мэргэжлийн зөвлөгөө өгөх
Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх
Барилгын материалын салбарын ТББ-уудыг нэгтгэн бодлого чиглэлээр хангах
Салбарын инженер техникийн ажилтныг мэргэжүүлэх
Импортыг бууруулж, экспортыг нэмэгдүүлэх үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх