ИХ БАРИЛГА 100 / БМҮ ХӨГЖИЛ 1970-1990 он

2026.08.20

ИХ БАРИЛГА 100 / БМҮ ХӨГЖИЛ 1970-1990 он

Барилгын материалын үйлдвэрлэлийн энэ их өсөлт, хөгжилтэй уялдуулан 1984 онд Сайд нарын зөвлөлийн тогтоолоор Барилгын материалын үйлдвэрлэлийг удирдах ерөнхий газрыг байгуулснаар тус салбарын мэргэжлийн удирдлага төвлөрсөн аппарат бий болж чухал алхам хийгдсэн.

Барилга, Барилгын материалын үйлдвэрийг 1971-1975, 1975-1980, 1980-1985, 1985-1990 онд хөгжүүлэх үндсэн чиглэл боловсруулж, ЭЗХТЗ-ийн Ерөнхий Хуралдаанд шийдвэр гаргуулсан. Барилгын үйлдвэрийн эдгээр баазууд манай орны их барилгын хөгжлийн тулгуур нь болж байсан.

Тавдугаар таван жил (1971-1975 он)-д барилгын материалын аж үйлдвэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлтийг 1.5 дахин, үүний дотор ханын материал, бетон, төмөр бетон эдлэлийг 1.5 дахин, цементийн үйлдвэрлэлийг 2 дахин, мод бэлтгэх, мод боловсруулах аж үйлдвэрийн гаргах бүтээгдэхүүнийг 45 хувиар өсгөн нэмэгдүүлэх зорилт тавин ажилласан байна. ЗХУ-ын техник эдийн засгийн тусламжаар Улаанбаатар хотын Байшин үйлдвэрлэх комбинатыг өргөтгөн шинэчлэж, Барилгын машин механизмын засварын шинээр байгуулж ашиглалтанд оруулан, Толгойтын ханын материалын гуравдугаар үйлдвэрийг барьж эхлэв. МАХН-ын XVI их хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх, хөдөөд барилга, барилгын материалын үйлдвэрлэлийг эрчимтэй өрнүүлэн хөгжүүлэхэд нам засгаас ихээхэн анхаарч шийдвэртэй арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байна.

Улс ардын аж ахуй, соёлыг хөгжүүлэх зургадугаар таван жилийн төлөвлөгөөний жилүүдэд (1976-1980 он) барилгын материалын аж үйлдвэрийг хөгжүүлэхэд 945.2 сая төгрөгийн хөрөнгө оруулав. Энэ нь тавдугаар таван жилийнхээс 3.8 дахин их юм. Зургадугаар таван жил бол манай улс ардын аж ахуй, сочлыг хөгжүүлэх таван жилүүдийн дотроос барилгын материалын хамгийн орчин үеийн үйлдвэрүүд баригдаж өргөтгөл, шинэчлэл хийгдсэн таван жил болсон билээ. Энэ таван жилд ЗХУ-ын буцалтгүй тусламжаар ББМҮЯ-ны системд Дархан, Улаанбаатарын байшин үйлдьэрлэх комбинат, техник, эдийн засгийн тусламжаар Дарханы районд Цемент, шохойн цогцолбор, Дарханы керамзитын завод, Эрдэс хөвөн эдлэл, дулаалгын материалын үйлдвэр, Улаанбаатар хотод Толгойтын тоосгоны дөрөвдүгээр үйлдвэр, Говь-алтай аймагт Тоосгоны үйлдвэр, Улаанбаатар хотод хана, шалны вааран хавтанцар үйлдвэрлэх Керамик эдлэхүүний үйлдвэр зэрэг орчин үеийн олон том үйлдвэрүүдийг барьж эхлэв. Болгар улсын техникийн тусламжаар Өвөрхангай аймгийн Өвдөг худагт жилдээ 16сая ширхэг тоосго үйлдвэрлэх хүчин чадалтай, тасралтгүй ажиллагаатай Тоосгоны үйлдвэрийг барьж эхэллээ. Мөн Увс, Баянхонгор, Хэнтий, Хөвсгөл зэрэг есөн аймгийн Тоосгоны заводын тоног төхөөрөмжийг шинэчлэн Ховд, Завхан, Баян-Өлгий, Өвөрхангай, Баянхонгор аймгийн төмөр бетон заводад өргөтгөл хийж хүчин чадлыг нь нэмэгдүүлэх арга хэмжээ авсан юм. Хонгил зууханд тоосгыг мазутаар шатаах, хамгийн орчин үеийн техник, технологи бүхий автомат ажиллагаатай, жилд 25сая ширхэг 125-150 маркийн өндөр чанарын тоосго үйлдвэрлэх хүчин чадалтай Тоосгоны гуравдугаар үйлдвэрийг ЗХУ-ын хүч хөрөнгөөр Толгойтод ашиглалтанд оруулав. Ингэснээр Улаанбаатар хотын Толгойтын тоосгоны нэг, хочр, гуравдугаар үйлдвэрүүдэд 1200 гаруй ажиллагсад ажиллан, жилд 90 сая ширхэг тоосго гаргах хүчин чадалтай болж улсын хэмжээнд ердийн тоосгоны нийт хэрэгцээний 68 хувийг үйлдвэрлэж хангах болов. 1980 онд Дархан хотод жилдээ 70 мянган хавтгай дөрвөлжин метр талбай бүхий угсармал орон сууцны хана, туурга, хучилтын төмөр бетон хийц үйлдвэрлэх хүчин чадалтай Байшин үйлдвэрлэх комбинат, 1978 онд жилдээ 200 мянган шоо метр дулаалгын керамзит үйлдвэрлэх Дарханы керамзитын завод ашиглалтанд орлоо. Шаврыг нунтаглан боловсруулж чийглэн 5-10, 10-20, 20-40мм ширхэглэлтэй шахаж бэлтгэсэн шаврын массыг эргэдэг зууханд мазутаар шатаах технологи бүхий хагас автомат ажиллагаатай Дарханы керамзитын заводад 200 гаруй мэргэжлийн ажилчид ажиллаж, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ ихэнх хувийг ЗХУ-д экспортлох болов. Зургадугаар таван жилд орон нутгийн хөнгөн дүүргэгч материалыг ашиглаж ханын хүрмэн бетон блок, байшингийн хана, туурганы керамзит хавтан үйлдвэрлэж барилгад нэвтрүүлэв.