
2026.08.19
ИХ БАРИЛГА 100 / БМҮ-ИЙН ХӨГЖЛИЙН ТҮҮХ 1950-1970 ОН
Тоосгоны үйлдвэрлэл нь керамикийн үйлдвэрийн анхдагч нь бөгөөд керамикийн үйлдвэрлэлийн “өвөг эцэг” болсон Хятад улсын зээл, тусламжаар анх байгуулагдаж, улмаар 1952-1957 онуудад керамик эдлэхүүний түүхий эд “Найрамдал” ордыг түшиглүүлэн өргөтгөл, шинэчлэлт хийгдэж үйлдвэрлэлийн жилийн хүч чадал нь 1,0 сая ширхэгээс 27,0-30,0 сая ширхэгт хүрч нэмэгдсэн төдийгүй техник, технологид ч нэг адил хувьсгал гарсан юм.
МАХН-ын Төв хорооны 1963 оны 5 дугаар бүгд хурлаас барилга угсралтын ажлын өсөлтөөс барилгын материалын үйлдвэрлэлийг түрүүлэн хөгжүүлэх зорилт дэвшүүлснийг хэрэгжүүлэх зорилгоор 1963 оны 12 дугаар сард Улсын барилгын зөвлөлийг Барилгын яам, Барилгын материалын үйлдвэрлэлийн яам болгон өөрчилсөн нь барилгын материалын үйлдвэрийг аж үйлдвэрийн бие даасан салбар болон хөгжин бэхжихэд нь шийдвэрлэх нөлөө үзүүлсэн.
1967-1968 онуудад тоосгоны II үйлдвэрийг ЗХУ-ын техник, эдийн засгийн тусламжаар өргөтгөн шинэчилж, ашиглалтад оруулсан.
Бүтээн байгуулалтын үйл ажиллагаа улам бүр эрчимжиж, салбарын үйл ажиллагаанд ЗХУ-аас үзүүлэх зээл тусламж өсөн нэмэгдэж, мөн улсын ерөнхий барилгын 3 том трестүүд, манай улсын барилгын механикжсан 10 цуваа, барилга угсралтын трест, удирдах газрууд сум, сангийн аж ахуй, тэжээлийн болон үр тарианы аж ахуй, аймгуудын барилгын үйлдвэрлэлийн иж бүрэн бааз зэрэг улс ардын аж ахуйн чухал ач холбогдол бүхий үйлдвэрийн цогцолбор, сум, суурин, хот тосгон, барилга, объектыг олон арваар нь барьж байгуулах их ажил өрнөсөн ид үед төвийн районд барилгын материалын эрдэс түүхий эдийн геологи хайгуулын ажил эрчимтэй хийгдэж, барилгын шинэ нэр төрлийн материал үйлдвэрлэх хэд хэдэн үйлдвэрийн Техник эдийн засгийн үндэслэл болон зураг төсөл боловсруулах ажил хийгдэж, үүний дагуу 13 аймагт улирлын ажиллагаатай тоосгоны завод, 1966 онд Хөнгөн бетоны завод, 1967 онд Силикат тоосго шохойн үйлдвэр, 1968 онд Цементийн үйлдвэр ашиглалтанд орж, 1970 онд 1947 онтой харьцуулахад барилгын материалын үйлдвэрүүдийн нэгдсэн фонд 10.6 дахин, нийт бүтээгдэхүүн 10.4 дахин нэмэгдсэн юм.