
2026.08.17
ИХ БАРИЛГА 100 / БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХӨГЖЛИЙН ТҮҮХ
Монгол улсын барилгын салбар, түүний дотор барилгын материалын аж үйлдвэрийн салбарын түүх Хар хорин хотыг байгуулах үеээс улбаатай.
Хятад улсын иргэн Лин-Фин-ши гэдэг хүн 1913 онд эндхийн шохойн чулууны нөөцийг нээн олзворлож, хувийн жижиг аж ахуй болгон цөөн тооны хүмүүстэйгээр шохой шатааж, Да хүрээний пүүс, сүм хийдэд худалдаж, хувийнхаа эрх ашигт хэрэглэж байжээ.
Гэтэл Варон Унгерн болон гамингууд тус оронд цөмрөн ирснээс хойш Шохой шатаах ажил нь зогсчээ. Улмаар Ардын хувьсгал ялсны дараагаар 1922 оноос эхлэн дахин шохой шатааж, 1926 оныг хуртэл хувьдаа ашиглаж байжээ.
Ардын Засгийн 4 дүгээр хурлаас “Монголын хувь нийлүүлсэн барилгын хороо” байгуулах тогтоол гаргаж, 1926 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Аж ахуйн яам, харилцан туслалцах хоршоолол, Монгол банкыг түшиглүүлэн байгуулжээ. Уг хороо нь барилга байгууламж барихын зэрэгцээ барилгын материал үйлдвэрлэх ажлыг хослон гүйцэтгэж байв.
Улаанхуаранд тоосгоны заводыг барьж ашиглалтанд оруулж, Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Шохойтын ам гэдэг газар байсан шохой боловсруулах жижиг үйлдвэр болон хотод ажиллаж байсан тоосгоны дөрвөн гар баюуг улсын мэдэлд шилжүүлж авсан нь барилгын материалын үйлдвэрлэлийн эхлэл болсон. 1926 онд Хараагийн спиртийн завод, Цагаанбулагийн Шохойн завод зэрэг үйлдвэрүүдийн барилгуудыг барьж, 1936 оны 9-р сарын 10-ны өдөр тус заводыг улсын үйлдвэр гэж тооцон зарласан.
Барилгын салбар 1926 онд ЗХУ (хуучин нэрээр), Монгол Улстай хамтарсан, барилга угсралтын “Монголпром” хэмээх хувь нийлүүлсэн аж ахуйн нэгжийг үүсгэн байгуулж, нийгмийн хөгжлийн тухайн нөхцөлд тэргүүлэх чиглэл болон тулгамдаж байсан, аж үйлдвэрийн комбинат, цэмбэний үйлдвэр зэрэг улс, орны нийгэм эдийн засгийн нэн чухал ач холбогдол, шаардлага бүхий цогцолборуудыг барьж байгуулснаар гараагаа эхэлж, 1926 онд Хужирбулангийн тоосгоны үйлдвэр, Цагаанбулагийн шохойн заводаар сууриа тавьсан.
Барилгын материалын үйлдвэрийг хөгжүүлэх талаар төр засгаас ихээхэн анхаарч байсаны үр дүнд 1946 оны 5 дугаар сард БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн тогтоолоор “Барилгын материалыг бэлтгэх газар”-ыг байгуулсан нь барилгын материалын үйлдвэрлэлийн хөгжилд ихээхэн нөлөө үзүүлсэн.