НИЙТЛЭГ АСУУЛТ-ХАРИУЛТ

БАРИЛГЫН САЛБАРЫН МЭРГЭЖИЛТНҮҮДЭЭС ТАВЬДАГ СУРГАЛТТАЙ ХОЛБООТОЙ НИЙТЛЭГ 10 АСУУЛТ

Барилгын салбарын мэргэжилтнүүдээс ирж буй нийтлэг арван асуултад  мэдээлэл өгөх зорилгоор "Барилгын салбарын ажилтны давтан сургалт, мэргэшлийн зэрэг олгох дүрэмд" үндэслэн хариулсныг хүргэе.

Асуулт 1. Өмнө нь Барилгын Хөгжлийн Төвийн сургалтад суугаад шалгалтандаа унасан мэргэжилтнүүд дахин сургалтад хамрагдаж болох уу?

Хариулт 1. Хэрвээ Та сургалтад сууснаас хойш Мэргэшсэн /3 жилийн дотор/ дахин шалгалт өгөх бол сургалтад хамрагдах шаардлагагүй. Мэргэжлийн зэрэг олгох орон тооны бус зөвлөлийн ажлын алба (БХТ-ийн сургалтын хэлтэс)-т дахин шалгалтын өргөдөл өгч, шалгалтандаа хамрагдах боломжтой. 
Асуулт 2. Мэргэшсэн инженерийн зэрэг горилох сургалтад хэн хамрагдах боломжтой вэ? Тавигдах шаардлага юу вэ?


Хариулт 2. Барилгын салбарын мэргэжилтнүүд хамрагдана. Үүнд: Архитектор, Төсөвчин, Инженер гэх мэт. Жишээ нь: Хэрвээ Та Иргэний ба Үйлдвэрийн Барилгын инженер мэргэжлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй төгссөн, мэргэжлээрээ ажилладаг байх шаардлагатай. Үүнд: зураг төсөл, угсралт, ашиглалтын аль нэг чиглэлээр ажилладаг байх. Илүү дэлгэрэнгүйг "Барилгын салбарын ажилтны давтан сургалт, мэргэшлийн зэрэг олгох дүрэм"-ээс харж болно. 
 

Асуулт 3: Би мэргэшсэн инженерийн зэрэг горилох багц цаг тооцох сургалтад хамрагдах гэсэн юм. Тавигдах шаардлага дээр нь мэргэжлээрээ таваас доошгүй жил ажилласан байх ёстой гэх юм. Иймээс би сургалтад хамрагдаж болох уу?


Хариулт 3: Багц цаг тооцох сургалтад хамрагдах мэргэжилтнүүдийн тухайд заавал 5-аас доошгүй жил ажилласан байх шаардлагагүй. Бакалаврын зэргээр төгссөнөөс хойш Танд "Мэргэшсэн инженер"-ийн зэрэг горилох багц цаг тооцох сургалтад хамрагдах эрх үүсэн. Харин Та Зэрэг горилох шалгалтад хамрагдахын тулд заавал мэргэжлээрээ 5-аас доошгүй жил, үр бүтээлтэй ажилласан байх шаардлагатай. 

Асуулт 4: Би мэргэжлээрээ 27 жил ажилласан. Гэхдээ ямар нэгэн зэрэг цолтой болоогүй. Одоо тэгээд мэргэшсэн инженерээр суралцах сонирхолгүй байна. Шууд "Зөвлөх инженер"-ийн зэрэг горилж болох уу? Өмнө нь тийм заалт байсан гэсэн, тэр нь хүчинтэй байгаа юу?

Хариулт 4: Хуучин "Мэргэжлийн зэрэг олгох 44-р дүрэм дээр мэргэжлээрээ тасралтгүй 25-аас дээшгүй жил үр бүтээлтэй ажилласан тохиолдолд Таны хийж гүйцэтгэсэн ажил, бүтээлийн тайланг "Мэргэжлийн орон тооны бус зөвлөл"-өөр хэлэлцүүлж дэмжигдсэн тохиолдолд "Зөвлөх инженер"-ийн зэрэг горилох сэдвийн хамгаалалтад орох боломжтой байсан. Харин шинэчлэн батлагдсан зэрэг олгох 200-р дүрэм дээрх тэр заалт хүчингүй болсон тул Та дараах шаардлагыг хангаж байгаа тохиолдолд болно. Үүнд: (200-р дүрмээс)

  • Барилгын үйлдвэрлэлд технологийн шинэ дэвшил гаргасан,
  • Улс орны болон салбарын хэмжээний тулгамдсан зорилтыг шийдвэрлэхэд онцгой ач холбогдолтой төсөл, хөтөлбөр, эрдэм шинжилгээний бүтээл боловсруулж түүнийг гардан хэрэгжүүлж бодитой үр дүн гаргасан;
  • Норм, нормативын баримт бичгийг 3-аас илүү боловсруулж батлуулсан, 

   Дээрх нөхцөлийг хангасан тохиолдолд мэргэжлийн зөвлөл, шинжлэх ухаан технологийн зөвлөлөөр хэлэлцүүлж, шийдвэрлэгдсэн бол Зөвлөлийн шийдвэрээр энэ дүрмийн 4.1-д заасан (мэргэшсэн 3 жил, зөвлөх 5 жил) хугацаанаас өмнө мэргэжилтний зэргийг олгож болно. 

Асуулт 5: Би Усны барилгын инженер мэргэжлээр төгссөн. Гэхдээ "Ус хангамж"-ийн инженер мэргэжлээр тасралтгүй олон жил ажилласан. Одоо "Ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын чиглэлээр "Мэргэшсэн инженер"-ийн багц цаг тооцох сургалт, шалгалтад хамрагдмаар байна. Болох уу?

Хариулт 5: 200-р дүрмийн дагуу тавигдах шаардлага дээр тухайн мэргэшлийн зэрэг горилох хүрээний дагуу мэргэжлээр их дээд сургууль төгссөн, Бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй байх ёстой гэсэн шаардлага тавигдаж буй тул Та уг сургалт, шалгалтад хамрагдах боломжгүй юм байна. 
 

Асуулт 6: Зэрэг сунгах инженерүүд "Бие даасан хэлбэрээр" багц цагийг яаж хангах вэ?

Хариулт 6: БИЕ ДААСАН хэлбэрээр багц цаг тооцох журам

  1. Салбарын чиглэлээр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэгт эрх бүхий этгээдийн шийдвэрээр томилогдон ажилласан бол 2 багц цаг;
  2. Хуулийг дагалдан гарах дүрэм, журмын төслийг боловсруулж, батлуулсан, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэгдсэн бол 4 багц цаг;
  3. Салбарын чиглэлээр норм, дүрэм, стандартын төсөл боловсруулах ажлын хэсэгт орж ажилласан ба тухайн нормативын баримт бичиг нь батлагдсан бол 4 багц цаг;
  4. Гарын авлага, мэргэжлийн ном, нэг сэдэвт бүтээл зохиож нийтлүүлсэн бол 4 багц цаг;
  5. Мэргэжлийн сэтгүүлд эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж нийтлүүлсэн бол 1 багц цаг;
  6. Тухайн жилд магистрын зэрэг хамгаалсан, хамгаалсан сэдвийн чиглэл нь мэргэшлийн хүрээнд нийцсэн бол 4 багц цаг;
  7. Тухайн жилд доктор (PhD)-ын зэрэг хамгаалсан, хамгаалсан сэдвийн чиглэл нь мэргэшлийн хүрээнд нийцсэн бол 8 багц цаг;
  8. Салбарын чиглэлээр төсөл, хөтөлбөр боловсруулж батлуулсан, түүнд оролцсон бол 1 багц цаг;
  9. Сургалтын хөтөлбөр боловсруулсан, мэргэжил дээшлүүлэх сургалтад багшаар оролцон хичээл заасан бол хичээлийн 4 цаг тутамд 1 багц цаг тус бүр тооцох боломжтой.

Асуулт 7: Зураг төслийн инженерүүд болон Төсөвчин, Барилгын материалын инженерүүдийн багц цаг тооцох сургалтуудад хаана хамрагдах вэ?

Хариулт 7: Зураг төслийн инженерүүдийн багц цаг тооцох сургалтыг Монголын барилгын зураг төсөл зохиогчдын холбоо зохион байгуулна. Гэхдээ 1.7. Барилга, байгууламжийн бүтээцийн зураг төслийн болон, 1.8 Дулаан хангамж, агаар сэлгэлтийн зураг төслийн хүрээний багц цаг тооцох сургалтыг Монголын барилгын инженерүүдийн холбоотой хамтран зохион байгуулна. Харин Төсөвчний сургалтыг Төсөвчдийн холбоо, Барилгын материалын инженерүүдийн сургалтыг Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо тус тус зохион байгуулна. 

Асуулт 8: "Зөвлөх инженер"-ийн зэрэг сунгах мэргэжилтнүүд хэдэн багц цаг хангах ёстой вэ?

Хариулт 8: Зэргийн хүчинтэй хугацаандаа 15 багц цаг хангасан байна. 5 жилийн дотор бол заавал суралцах 3 багц цагийг хангасан байна. Хэрвээ хугацаа нь 5-аас дээш жил бол 15 багц цаг хангана. Үүнээс сургалтын хэлбэрээр заавал суралцах 3 багц цаг, сонгон суралцах 2 багц цаг, бие даасан хэлбэрээр 10 багц цагийг бүрдүүлсэн байна. Мэргэжлийн чиглэлээр 2-оос доошгүй хууль, эрх зүйн баримт бичиг, норм дүрэм стандарт, заавар, гарын авлага, зөвлөмж боловсруулахад оролцсон, хянах тохиолдуулсан, шүүмж хийсэн, санал өгч тусгуулсан байх шаардлагатай. 

Асуулт 9: "Мэргэшсэн"-ийн зэрэг сунгах мэргэжилтнүүд хэдэн багц цаг хангах ёстой вэ?

Хариулт 9: Тус дүрмийн 5.9 заалт буюу зэргийн хүчинтэй хугацаандаа 15 багц цаг хангасан байх. Үүнээс сургалтын хэлбэрээр 10 баг цагийг: заавал суралцах 5 багц цаг, сонгон суралцах 5 багц цаг, бие даасан хэлбэрээр 5 багц цагийг бүрдүүлсэн байна. Мэргэжлийн чиглэлээр 1-ээс доошгүй хууль, эрх зүйн баримт бичиг, норм дүрэм стандарт, заавар, гарын авлага, зөвлөмж боловсруулахад оролцсон хянах тохиолдуулсан, шүүмж хийсэн, санал өгч тусгуулсан байх шаардлагатай. 

Асуулт 10: Багц цагийг яаж тооцох вэ? Мөн сургалтын төлбөр хэд вэ?

Хариулт 10: Сургалтын хэлбэрээр багц цагийг тооцохдоо 8 цагийн хичээлийг мэргэжил дээшлүүлэх сургалтын 1 багц цаг, дадлага сургалтын 16-аас доошгүй цагийн хичээлийг сургалтын 1 багц цаг гэж тус тус тооцно. Мөн "Мэргэшсэн инженер"-ийн зэрэг горилох, сунгах сургалтын Заавал суралцах сургалтын 1 багц цагийн төлбөр: 45000 төгрөг, Харин "Зөвлөх инженер"-ийн зэрэг горилох, сунгах сургалтын Заавал суралцах сургалтын 1 багц цагийн төлбөр: 73000 төгрөг болно.

 

Эх сурвалж: Монголын барилгын инженерүүдийн холбоо